НТТТ-ийн эмч нарын тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо.

  • Хэвлэх

Жил бүрийн наймдугаар сард уламжлал болгон тэмдэглэдэг эрүүл мэндийн салбарын ажилтны баярыг тохиолдуулан Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 67 эмч тангараг өргөлөө. Эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь  нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тэд  амлалаа.

Тус ёслолын арга хэмжээнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр болон Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлагууд, эмч мэргэжилтнүүд оролцсон юм. Шинэ, залуу эмч нарыг тангараг өргөсний дараа тус төвийн шилдэг эмч, ажилтнуудыг шагнаж урамшуулсан бөгөөд эрүүл мэндийн салбарын хүндэт цол тэмдэг болон “Wenger” брэндийн гарын бэлгийг гардуулан өглөө.

Мөн энэ үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын санаачилгаар тус төвийн Сонгинохайрхан салбарын гуравдугаар ээлжийн их эмч Б.Түмэнбаярыг “Нийслэлийн эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа. Тэрбээр өнгөрөгч долдугаар сард Баянхошууны замд 40 тонны контейнерт даруулан осолд өртсөн нэг гэр бүлийн таван хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн, амь насыг нь аварч чадсан билээ.