Эрүүл мэнд, цагдаа, боловсролын байгууллагуудад парк шинэчлэл хийгдлээ...

  • Хэвлэх

УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нарын холбогдох албаныхан өнөөдөр эрүүл мэнд, цагдаагийн албаны үйл ажиллагаанд зориулагдсан “Nissan urvan” маркийн автомашин, хүүхдийн болон нийтийн тээврийн зориулалт бүхий хоёр давхар автобусыг зохих байгууллагуудад нь хүлээлгэн өглөө.

Тухайлбал, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Өргөө амаржих газар, АШУҮИС-ийн эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон, түргэн тусламжийн 13 автомашин өгсөн юм.

Нийслэлийн эрүүл мэнд, цагдаа, боловсролын байгууллагад парк шинэчлэлт хийх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Иргэдэд түргэн шуурхай үйлчлэхэд энгийн автомашинаас гадна туулах чадвар сайтай, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон автомашин хэрэгтэй. Энэ ч үүднээс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд эрүүл мэнд, цагдаа, боловсролын байгууллагуудад сүүлийн 20 жил хийгдээгүй парк шинэчлэлтийг хийж эхэлсэн.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах асуудлыг ч мөн тусгасан. Нийслэл хотод нийт хүн амын 60 хувь нь амьдарч байна. Иймд бид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох болон иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байгаа” хэмээн хэлсэн юм.

Мөн энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Түргэн тусламжийн автомашинаар парк шинэчлэлт хийгдсэнээр, дуудлага өгсөн иргэдээс гадна нийслэлээс алслагдсан зайд амьдарч буй ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүлээгдэл чирэгдлийг арилгах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зэрэг олон давуу талтай.

Туулах чадвар сайтай, иж бүрэн тоноглогдсон энэхүү автомашинаар өвчтөнийг эмнэлэг рүү зөөвөрлөх явцад тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэх бүрэн боломжтой юм” хэмээн ярилаа.