Хар тамхи нь эрүүл мэндэд нөлөөлөөд зогсохгүй сэтгэцэд нөлөөлж өөрийгөө хянах чадваргүй болгодог

  • Хэвлэх

Дэлхий дахинд өнгөрсөн зуунаас эхлэн хүмүүс мансууруулах эм бодисыг буруу зорилгоор хэрэглэх нь эрс ихсэж, түүний нөлөөгөөр гэмт хэрэг, хараат байдал, хүчирхийлэл улам ихээр гарах болсон. Олон улсын зах зээлийн эрчимтэй харилцаа хөгжиж буй өнөө үед мансууруулах болон сэтгэц идэвхит бодисын хууль бус үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээ нь дэлхийн өнцөг булан бүрт тахал мэт хурдацтай тархаж байна. 2016 оны байдлаар дэлхий дахинд 15-64 насны мансууруулах бодис хэрэглэдэг 200 сая гаруй хүн байдаг гэж тооцоолсон байна. Үүнээс 29 сая хүн мансууруулах бодисыг тогтмол хэрэглэдэг бөгөөд тэдний зөвхөн 1/6 нь эмчилгээнд хамрагддаг. Мөн мансууруулах бодис хэрэглэгчдийн 1.5-1.6 сая нь ХДХВ/ДОХ болон вируст гепатит С-ээр халдварлагдсан байдаг гэсэн тоо баримт байдаг.

НЭМГ болон бусад байгууллагуудтай хамтарч хийсэн 2010 оны “Өсвөр үе, хүүхэд залуучуудын дундах хар тамхи, мансууруулах бодисын ойлголт, хэрэглээ”-ний талаарх тандалт судалгааны дүнгээс үзэхэд: архи, тамхины хэрэглээ өсвөр үеийнхэний дунд өндөр байгаа ба бусад төрлийн мансууруулах эм бодисыг тодорхой хэмжээгээр хэрэглэдэг гэсэн байна. /Нийт судалгаанд хамрагдагсдын: 44.6%-архи, 40.3%-тамхи, 2.9%-бензин, цавуу, 1.8%-каннабис, 0.9% нь экстази хэрэглэж үзсэн гэсэн байна/ 2012 онд Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс НЭМГ, СЭМҮТ болон бусад байгууллагуудтай хамтарч мансууруулах бодис хэрэглэгч 100 хүний дунд хийсэн “Мансууруулах болон сэтгэц идэвхит эм, бодис хэрэглэгчдийн хэрэглээ, тэдний мэдлэг хандлага, хор уршгийн талаарх тандалт судалгаа” –ны үр дүнд хэрэглэгчдийн 56% нь  16-25 насандаа анх мансууруулах болон сэтгэц идэвхит эм, бодисыг хэрэглэж эхэлсэн нь мансууруулах сэтгэц идэвхит бодис хэрэглэх нь хүүхэд, залуучуудын дунд зонхилж байгааг харуулж байна.
 НҮБ-ын санаачлагаар 1989 оноос эхлээд жил бүрийн 6-р сарын 26-ны өдрийг “Мансууруулах эм, сэтгэц идэвхит бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр” гэж тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, мансуурлын эсрэг аян өрнүүлдэг уламжлалтай. 2018 онд НҮБ-аас “Эхлээд сонсоё – Хүүхэд залуучуудыг сонсох нь тэдний эрүүл аюулгүй өсөж хөгжихөд тусалж буй  хамгийн эхний алхам юм” гэсэн уриа дэвшүүлсэн байна. Мансууруулах эм, сэтгэц идэвхит бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан ЭМЯ, СЭМҮТ-ээс Цагдаагийн ерөнхий газартай хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мансууруулах бодисын сөрөг үр дагаварын тухай ард иргэдэд ойлголт өгөх зорилгоор хийгдсэн “Амьдралын өнгө” богино хэмжээний киноны нээлтийг хийлээ.
Хэвлэлийн бага хуралд ЭМЯ, НЭМГ-ын мэргэжилтэн Т.Энхзаяа, СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, дэд хурандаа Н.Мэндбаяр, СЭМҮТ-ийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэнүүд К.Елена, Ж.Гантулга нар оролцож мэдээлэл өгөв.

Эх сурвалж: www.mohs.mn