Электрон тамхины хэрэглээ, хор уршиг

  • Хэвлэх

Сүүлийн үед хүүхэд залуусын дунд VAPE буюу электрон тамхи татах нь нэмэгдэж эмч мэргэжилтнүүдийн анхааралд ороод байна. Электрон тамхи нь никотин агуулсан уусмалыг халааж ууршуулан уур хэлбэрт оруулж буй цэнэгтэй төхөөрөмж юм. Анх тамхинаас гарах сонирхолтой хүмүүс зориулж үйлдвэрлэсэн боловч сүүлийн үед огт тамхи татдаггүй өсвөр үеийн хүүхэд залуус ихээр хэрэглэх болсон нь санаа зовоож буй асуудал юм.

Энэхүү VAPE буюу электрон тамхинаас шалтгаалсан өвчлөл, нас баралт олон улс оронд бүртгэгдэж эхэлжээ. Мөн электрон тамхи ихээр татсанаар шинэ төрлийн уушгины өвчин бий болжээ.Үүнийг EVALI гэх бөгөөд англиар e-cigarette or vaping use-associated lung injury хэмээн нэрлэж байна. 2019 оноос эхлэн энэ өвчнийг шинээр бүртгэх болсон байна. Электрон тамхины ууранд тамхинд донтуулагч никотин агуулахаас гадна глицерин бусад химийн бодис, хүнд металлууд мөн агуулагдаж байна. Хоргүй гэх хуурамч сурталчилгаанд итгэсэн хэрэглэгч нар тамхинаас гарч никотиний хамааралаас гарах бус бүр илүүтэйгүүр орж донтож байгааг эрдэмтэд дурдаж байна. Огт тамхи татаж үзээгүй хүүхдүүд энэ бүтээгдэхүүний гол хэрэглэгч болж тамхины хэрэглээ эрс нэмэгдэж 10-20 жилийн дараагаас эхлэн зүрх судас, уушгины өвчлөл ихсэх хандлагатай байгааг зүрх судас, уушгины эмч нар анхааруулж байна. Электрон тамхинд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй маш олон төрлийн бодис байгааг илрүүлсэн байна.

-          Никотин – донтуулах үйлчилгээтэй,өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжилд муугаар нөлөөлөх,

-          Propyleneglycol – юмсыг хөлдөөхгүй байлгах болон мананцрын машинд хиймэл утаа бий болгоход хэрэглэдэг бодис.

-          Diethyleneglycol – уушгины өвчин үүсгэгч, хөлдөхөөс сэргийлэх химийн хорт бодис.

-          Ацетилальдигид болон формальдегид – хорт хавдар үүсгэгч химийн нэгдэлүүд.

-          - Бензол – хорт хавдар болон бусад өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлж, зарим тохиолдолд толгой эргэх, өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

-           Акролеин (Acrolein) – гербицид буюу ургамлын хор бүхий хогийн ургамал устгах хор бөгөөд уушги гэмтээх аюултай.

-           Диацетил (Diacetyl) – bronchiolitis obliterans гэж нэрлэгдэх уушгины өвчин үүсгэгч химийн нэгдэл

-          Никель, цагаан тугалга, хар тугалга гэх мэт хүнд металууд хорт хавдар үүсгэнэ.

-          Кадми (Cd) – амьсгалын замын асуудал, өвчин үүсгэгч утаат тамхинд агуулагддаг хорт метал

-          Ultrafine - амьсгалах үед уушгинд орох нарийн ширхэгт тоосонцор

зэргийг тус тус агуулдаг байна. Электрон тамхи татаж байгаа хүн өөрийгөө хянах боломжгүй байдаг аж. Учир нь утаат тамхи татаж дуусахад тамхиа дуусгалаа гэдэг дохио тархинд очдог бол электрон тамхины хувьд зогсох дохио өгөх зүйлгүй учраас татсаар л байдаг сөрөг талтай. Мөн дотоод орчинд татаж байгаа нь байнга татах зуршлыг бий болгож илүү хэмжээгээр никотинд хордон донтож байна. Хэтрүүлсэн үед толгой дүүрэх, чих шуугих, толгой эргэх, хөл эсвэл бие бүхэлдээ сульдах, дотор эвгүйрхэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Энэ нь цусанд никотиний хэмжээ ихсэж буйг илтгэх бөгөөд зүрх зогсох хүртэл аюултай.

Тамхи огт татдаггүй өсвөр үеийнхэн электрон тамхи татсанаар цаашдаа тамхинд орох эхлэлээ тавьж байна гэсэн зарим орны судалгааны үр дүн харуулсан байна. Тиймээс ялангуяа өсвөр үеийнхнийг хэрэглэхгүй байх тал дээр хатуу анхаарал хандуулах ёстой гэжээ.

ДЭМБ-аас электрон тамхи болон никотин ялгаруулдаг бусад бүтээгдэхүүний борлуулалтыг хязгаарлахыг зөвлөж байна. Вэйпийг одоогоор 27 улсад хоригложээ.

Манай улс ч мөн адил электрон тамхийг утаат тамхины адил дотор орчинд татахыг хориглож, насанд хүрээгүй хүүхэд, дэлгүүрийн лангуунд болон ил задгай худалдаалахыг хориглохоор хуулийн хэлэлцүүлэг хийж тамхины хуулийн төслийг хэлэлцэхээр УИХ-ын 2022 оны хаврын чуулганд хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаад байна.

Цаашдаа электрон тамхи хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөлөл үзүүлэхийг таашгүй. Учир нь уламжлалт тамхитай харьцуулахад цөөн тооны хүн хэрэглэдэг тул өргөн хэмжээний судалгаа хийж дуусаагүй байна.

Тиймээс тамхи, электрон тамхины аль аль нь хортой учраас хоёуланг нь хэрэглэхгүй байхыг НЭМГ-аас зөвлөж байна.

Мөн 18 насанд хүрээгүй хүүхдэд электрон тамхи худалдаалах, зар сурталчилгааг хязгаарлах, сургуулийн орчимд электрон тамхи заруулахгүй байх, хэвлэл мэдээлэл олон нийтийн сувгаар хязгаарлагдмал гаргах нь цаашид илүү олон хүүхэд өсвөр үе, насанд хүрэгчид энэхүү тамхинд орж эрүүл мэндээрээ хохирохоос сэргийлэх боломж бүрдэх юм.