slide4.jpg
slide9.jpg
334813131_163692639806072_1211834470171739927_n 2.jpg
screenshot 2023-11-07 105140.jpg

 

duudlagiin uzuulelt

 

Ургамлын харшлаар хот суурин газрынхан их өвчилж байна

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Харшил судлалын лабораторийн эрхлэгч, биологийн шинжлэх ухааны доктор, профессор Б.Сангидоржтой ярилцлаа.

-“Улс төрийн тойм” сонин, ipost.mn сайтаас “Шарилжгүй Улаанбаатар” аяныг эхлүүлээд байгаа юм. Харшил судлалаар мэргэшсэн хүний хувьд ургамлын харшил өвчний талаар?
-Сүүлийн жилүүдэд манай хүн амын дунд янз бүрийн шалтгаан нөхцөлөөр харшил өвчний тохиолдол нэмэгдэж байна. Улирлын чанартай харшлаар өвдөх тохиолдол их байна.  Хавраас намар хүртэл эмнэлэгт хандаж байгаа хүн ихэсдэг.

Ургамал цэцэглэхээс хагдрах хүртэл үргэлжилдэг. Өвчин үүсгэх шинж чанараараа ургамал бүр харилцан адилгүй байдаг. Харшлын шалтгаант ургамлын судалгааг дэлхийн олон оронд хийсэн байдаг. Манай оронд 1980-аад оноос эхэлж хийсэн. Улаанбаатар хотод хүн амын ихэнх нь байдаг болохоор хот суурин газрын хүмүүст ургамлын харшил харьцангуй их тусдаг. Монгол оронд ургадаг харшлын шалтгаант ургамлыг авч үзвэл олон янз зүйл байна. Эмч судлаачид харшил үүсгэдэг  мод сөөг, үет өвст ургамал, хог ургамал гэж байдгийг тогтоосон.

Бидний судалгаагаар Монгол орны нийт ургамлын аймгийн 7,2 хувь нь буюу 200 гаруй зүйл ургамал харшлын шалтгаантай гэдэг нь тогтоогдсон. Тэдгээрийн 40 гаруй зүйл нь харшил үүсгэх онцгой шинж чанартай юм байна. Улаанбаатар хот орчимд буй мод сөөг харшил үүсгэх нь цөөн, үет болон өвст ургамал ч бага харшил үүсгэдэг. Харин хог ургамлын тоос хамгийн их харшил үүсгэдэг гэдгийг тогтоогоод байна. Хог ургамал гэдэгт шарилж, лууль орох бөгөөд хамгийн их харшил үүсгэдэг нь эдгээр ургамлын тооснууд.

-Ургамлын харшил гэж яг юуг хэлээд байна вэ. Шарилж үнэртэж байна гэдэг нь харшил авч байна гэсэн үг үү?
-Ургамал цэцэглээд, дохиурынх нь тоос агаарт дэгдэж, бохирдол үүсгэдэг. Энэ агаараар удаан амьсгалсан тохиолдолд амьсгалын замын шалтгаант харшил болон арьсны шалтгаант харшил үүсэх нөхцөл бүрддэг.  Өвчин үүсгэх гол шалтгаан нь харшил үүсгэх шинж чанартай ургамлын тоосны дэгдэлт агаар орчныг бохирдуулснаас болдог юм. Шарилжийн төрлийн ургамал бол харьцангуй их тоостой байдаг.  Тэр хэрээрээ харшил үүсгэнэ.

-Нийслэлд ургамлын харшилтай хүмүүсийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулбал ямар байна вэ?
-Харьцангуй ихээр нэмэгдэж байна. Энэ зун манай эмнэлэгт хандаж байгаа анхлан өвчлөгсдийн ихэнх нь ургамлын харшлаар өвчилсөн байх юм. Бага насны хүүхдүүд ч маш ихээр ирдэг гэсэн тоо бий. Нийслэлчүүд ялангуяа харшил их авч байна. Хөл ургамал буюу хогийн ургамалд нийслэл маань бүрэн эзлэгдчихлээ байна. Шарилж, луулийн гэхчлэн цөөхөн хэдэн төрлийн хог ургамал голчилдог.  Энэ ургамлуудын тоосжилт гэдэг нь физиологийн процесс нь явагдаж, агаар орчныг бохирдуулж байгаа юм.

-Ургамлын харшлаар өвчлөгсдийн талаархи судалгаа хэр хийгддэг вэ?
-Манай лаборатори 2004 оноос эхлэн судалгаа хийж байна. Ер нь Монгол Улсын хэмжээгээр ийм судалгааг 1980-аад оноос эхлэн нийтдээ 30 гаруй жил дагнасан судалгаа хийлээ. Үүний үр дүнд Монгол оронд тархсан харшлын шалтгаант ургамал, харшил үүсэх нөхцөл шалтгаан, өвчний оношилгоо, эмчилгээний өвөрмөц аллергинууд, эмчлэх аллергин вакцин бэлдэх үйл ажиллагаанууд хэрэгжиж байна.

Ямар зүйлийн ургамлаас болж харшил үүсч байгааг тогтоож чадаж байна. Эмчилгээний үр дүн ямар байхыг эмч, судлаачид хийдэг болсон. Харшил үүсгэж байгаа ургамлаас нь харшлын эсрэг вакциныг гаргаж авч, эмчилгээ хийх аргыг нэвтрүүлж байна.

-Энэ вакцин нь хэр үр дүнтэй юм бол?
-Дэлхийн харшил судлаач эрдэмтдийн үзэж байгаагаар ургамлын харшлыг эмчлэх хамгийн үр дүнтэй арга нь аллергин вакцин юм. Ургамлын тоосны харшилтай хүмүүст илүү тохиромжтой, үр дүнтэй эмчилгээ байдаг. Тиймээс харшил үүсгэдэг ургамлын өвчин үүсгэдэг шалтгааныг нь олж, харшил үүсгэдэг тоосыг нь ялгаж авч, бодис бэлтгэн оношлох маягаар вакцин бэлдэнэ. Янз бүрийн хэлбэрээр үйлдвэрлэж гаргаж авч байгаа. Тарилга хэлбэрээр, цацлага хэлбэрээр, уухаар, хүүхдэд сироп маягаар гэх мэтчилэн гаргаж байна.

-Ургамлын харшлаар нийслэлчүүд их өвчилж байна гэдэг. Ургамлын харшил тусахгүйн тулд яах ёстой вэ. Яаж урьдчилан сэргийлэх вэ?
-Өвчин болгон харилцан адилгүй. Ургамлын тоосны харшил бол улирлын чанартай, халдваргүй, шалтгаан нь тодорхой өвчин. Тийм болохоор онош нь тодорхой, эмчлэх арга нь ч тодорхой. Урьдчилан сэргийлэх боломжтой өвчин. Энэ өвчин үүсгэх нөхцөл шалтгаан болдог хөл ургамал буюу хог ургамлыг түүж устгах, багасгах, тархцыг нь хумих, цэцэглэх үрлэхээс нь өмнө устгах зэргээр олон чиглэлийн ажил хийгдэж байгаа.

Энэ жил Засгийн газрын хэмжээнд яригдаж, БОНХ-ийн сайд аймаг орон нутгийн Засаг дарга нарт албан даалгавар хүргүүлсэн.  Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын ажлын алба, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэстэй хамтран шарилж, луультай тэмцэх, мод сөөг, улиасны унгирал, цагаан хөвөнг хязгаарлах бүх нийтийн кампанит ажил өрнөж байгаа.

-Нийслэлийн гудамж талбай, гэр хороололд байгаа шарилж, хогийн ургамлыг  заавал төр, засгийн хэмжээнд ярьж, кампанит ажил болгож, хөрөнгө мөнгө зараад байх ажил биш байх. Энэ бол хувь хүмүүсийн, иргэдийн санал санаачилгаар л болчих юм шиг санагддаг. Албан байгууллага, хувь хүмүүс орчин тойрныхоо хог ургамлыг түүж, устгаад байвал өвчин тусахгүй байх боломжтой. Ер нь залхуугаасаа болоод л ургамлын харшил өвчин тусаад байна гэхэд хатуудахгүй болов уу?
-Яг үнэн. Хүн бүхэн, иргэн бүр яг ийм бодолтой байх хэрэгтэй л дээ. Харшил тусчихаад ханиад томуу хүрчихлээ гэж ойлгоод хүндрүүлдэг тохиолдол их. Энэ өвчин шалтгаан нь тодорхой гэж дээр хэлсэн дээ. Тэр харшил үүсгэдэг ургамлын ургац, тархалтыг нь хязгаарлах, багасгачихад л болох зүйл. Оронд нь өөр төрлийн ургамал тарих хэрэгтэй.  Нийслэлийн хувьд гэр хороололд хог ургамал их байна.

Өчигдөр уржигдархан бид судалгаа хийж, явж үзсэн. Айлуудын хашаа, эзгүй хашаанд их хэмжээгээр байна. Хэдийгээр айлын хашаанд байгаа боловч тэр орчимд тоос нь тархаж байдаг.  Орчноо бохирдуулдаг.  Хүмүүс зөв ойлголттой болчихвол хашаа хороондоо байгаа хог ургамлыг түүж зулгаагаад хаячих хэрэгтэй.

-Шарилж, лууль, хогийн ургамал хэрэгтэй зүйлдээ хэрэг болдог гэж сонссон юм байна. Түүж устгаад хогийн цэг дээр хаях нь чухал биш бас ашиглаж болдог гэж үнэн үү?
-Хүмүүс хог ургамал, шарилжийг үзэн ядах нь бий. Нэг талдаа энэ ургамал бидэнд ашигтай. Дэлхийн нийт хүн амын 70 орчим хувь нь хотожсон. Хот сууринд ногоон ургамлын эзлэх хувь багасч байгаа гэсэн судалгаа байдаг.  Байгаль дэлхий хүн зоны хөлд үрэгдэж, ногоон ургамал нь багасаад ирсэн. Ингэхээр хүний үйл ажиллагаанаас болж хөл ургамал буюу хогийн ургамлын ургалт, тархац ихэсч байгаа юм. Хот суурингийн хүмүүсийн эрүүл байх үндэс нь ногоон байгууламж. Ногоон байгууламжийг ихэсгэхийн тулд хүмүүс чадлаараа зүтгэж байна л даа. Хог ургамал хүмүүсийн үзэн яддаг шиг тийм ч хэрэггүй зүйл биш. Дэлхий нийтээрээ хог ургамлыг ашиглах бололцоотой гэж үзэж байгаа.

Энэ ургамлын буруу, муу гэж юу байх вэ. Байгалийнхаа жамаар ургаж байгаа тэр ургамлыг цэцэглүүлэхгүй, тоосыг нь орчин тойронд тараахгүй байх нь чухал. Адилхан л ногоон ургамал. Шарилж, лууль хоёулаа ашигтай ургамал. Шарилж бол эмийн түүхий эд болдог. Ашигтай химийн бодисуудыг шарилжнаас гаргаж авдаг. Хүчилтөрөгч ялгаруулна. Харин их хэмжээгээр ургаж, бүтэц бүрэлдэхүүн нь өөрчлөгдөөд ирэхээр л хортой болоод байгаа юм. Байгальд байх хэмжээнээсээ ихсээд ирэхээр сөрөг нөлөөтэй болно. Шарилжийг малын тэжээлд хэрэглэж болно. Идэж ууж байгаа зүйлүүдээр маань дамжиж шарилжны харшил өгдөг. Мал шарилж идвэл мах, сүүгээр нь дамжиж хүнийг харшилтай болгож болно. Шарилжаа муулж муулж устгавал дахиад өөр төрлийн шарилж гараад л ирнэ.

-Хогийн ургамал, шарилжийг хэдий үед яаж устгах вэ?
-Хөл ургамлыг зургаадугаар сарын сүүлчээс наймдугаар сарын сүүлч үе хүртэлх хугацаанд хадаж болно. Ингэхдээ газраас 7-10 см-ын хэмжээтэй байхуйцаар хадаж түүх хэрэгтэй. Их хогтой газрынхыг зулгааж болно. Зулгаасныхаа дараа харин олон настын үр цацах ёстой. Ингээд л сайхан зүлэгт талбайтай болчихно.

-Хэр олон давтамжтайгаар хадаж, зулгааж түүх вэ?
-Дөрвөн жил дараалан хийх хэрэгтэй. Зулгаах нь тийм ч зөв арга биш. Их хэмжээгээр ургасан газрынхыг зулгааж болно. Зулгаасан газартаа л нөхөн тарилт хийх ёстой. Тэгэхгүй бол цөлжилт үүснэ. Хог ургамлыг цэцэглэлтийнх нь үед зулгаасан нь зөв. Яг одоо бол хадаж устгах нь дээр. Яагаад гэвэл дараагийн ургамал ургах нөхцөлийг нь бүрдүүлэх нь чухал.

-Ургамлын харшилгүй хүнтэй албан байгууллага гэж бараг үгүй болсон. Нус, нулимсаа гоожуулж, бие нь тавгүйрхсэн хүмүүс олон байна?

-Тийм ээ. Эмнэлэгт ирж байгаа хүмүүс голдуу ханиад томуу туссан гэж эндүүрснээс болж харшлаа хүндрүүлчихээд ирдэг тал бий. Энэ өвчинг тусахгүй байж болно. Их амархан. Хүмүүсийн ухамсрын л асуудал. Бид шарилжгүй Улаанбаатарт амьдрах ёстой юм. Нэг маань ийм ажил санаачлаад аян өрнүүлж байхад тусалж, дэмжих ёстой юм л даа.

Энэ бол ирээдүй хойчийнхоо эрүүл энхийн төлөө хийж байгаа ажил. Нэг хэсэг Улаанбаатар хот шарилжин дунд л байдаг байсан. Одоо нэг үеэ бодвол харьцангуй гайгүй болж байна. Кампанит ажил, субботник маягаар шарилжийг түүж устгадаг байсан. Хот, дүүргийн тохижилтынхон л одоо шарилжтай тэмцэж байна. Одоогийн гэр хороолол л шарилжаар дүүрэн. Хороо, дүүрэг шарилжгүй болох арга хэмжээг сайн зохион байгуулж баймаар.

-АӨСҮТ-д үзүүлэхээр ирж байгаа хүмүүсийн хэдэн хувь нь ургамлын харшилтай байна вэ. Нэг эмчид өдөрт хэдэн өвчтөн оногдож байна?
-Одоо харшлын сезон. Энэ үед маш их хүн ирнэ. Уг нь нэг эмч 30 хүн үзэж оношлох нормтой ч одоогоор 90 орчим хүн үзэж байгаа. Бага насны хүүхдүүд их ирж байна. Харшлын өвчин бол удамших хандлагатай учраас харшлын өвчтэй хүүхдүүд ихэсч байгаа. Ногоон байгууламж муу, зэрлэг ургамал ихэссэнээс харшилтай хүн олширч байна.

Өчигдрийн мэдээллээр харшлын кабинетэд ирж байгаа хүмүүсийн ихэнх нь шарилж, луулийн харшилтай болсон байна. Тэр дундаа гэр хорооллынхон зонхилж байх жишээтэй. Ялангуяа Баянхошуу, Чингэлтэй, Баянзүрх, Эмээлт, Сонгинохайрхан дүүрэг, Эмээлт, Дэнжийн мянгаас хойшоо маш их хөл ургамалтай байгааг судалгаагаар тогтоосон.

-“Шарилжгүй Улаанбаатар” аяны талаархи таны бодол?
-Энэ нь хоёр талтай. Сайн тал нь ойлгомжтой. Харин сөрөг тал нь цөлжилт үүссэн газрууддаа шарилж тарих гээд үр нь олдохгүй байна гээд явж байгаа улс орнууд байна. Луулийн төрлийн ургамлыг энэтхэгчүүд хүнсэнд хэрэглэдэг байх жишээтэй. Ургамлын харшлаас салъя гэвэл бид эрүүл орчинд байх ёстой гэдэг утгаараа шарилж, луулийг түүж устгах нь зөв. Нөгөө талаар цөлжилтөөс хамгаалах хэрэгсэл болох сайн талтай ургамал.

-Ургамлын харшилтай нэг хүнийг эмчлэх зардал гэж байх уу?

-Манайд бол байхгүй л дээ. Дэлхий нийтэд бол бий. Өндөр хөгжилтэй орнууд төсвийн тодорхой хувийг энэ өвчнийг эмчлэхэд зориулдаг. Тарилга вакцинд хамруулах зэрэгт нэг хүнд зарим оронд 300-500 ам.доллар, бүр нарийн эмчилгээ хийдэг орнуудад бол 2000 ам.долларын зардал гардаг юм билээ.

Хүн л мэдэхгүй учраас хөдөлмөрийн чадвараа бүрэн алддаг аюултай өвчин. Хүндэрвэл астма болж, хүндэрдэг. Харшлын шинж тэмдэг илэрвэл шууд л эмчид очих шаардлагатай гэдгийг хэлмээр байна. Халдварт өвчин биш шүү дээ.

Б.Оюунгэрэл

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо , Чин Ван Чагдаржавын гудамж

Утас: Утас: 321811 /Ажлын цагаар/

Факс: Факс: 321811

Гар утас: Түргэн тусламжийн дуудлагын утас: 103, 70120103 /24 цагаар/

Гар утас: Баянзүрх салбар - 70158083

Гар утас: Сонгионохайрхан салбар - 70170103

Гар утас: Хан-Уул салбар - 70040103

Гар утас:  Чингэлтэй салбар - 70121103

Өргөдөл гомдол хүлээн авах утас: 11327485, 70193623 /Хүний нөөцийн алба/

http://www.103.ub.gov.mn