ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ, ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАХЫГ ДААЛГАЛАА..

  • Хэвлэх

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хурал боллоо. Тус ээлжит хурлын хүрээнд 2020 оны үйл ажиллагаа, тэр дундаа эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой асуудлуудад анхаарах, хавдрын хими эмчилгээний эмийн нэр төрлийг нэмэгдүүлэх, 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахад анхаарах зүйлс, 2020 оны хөрөнгө оруулалт болон урсгал төсвийн мэдээлэл, НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын 2020 онд хэрэгжүүлэх “Тэмбүүг устгая үйл ажиллагааг эрчимжүүлэх” төлөвлөгөө, томуу, томуу төст өвчин болон БНХАУ-д бүртгэгдсэн коронавирусын халдварын талаарх мэдээллийг холбогдох хэлтсүүдийн зүгээс хүргэлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой тулгамдсан асуудал, авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн, зохион байгуулалтын явц, үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар хэлэлцсэн бөгөөд цаашид хэрхэн ажиллах үүрэг чиглэлийг өгсөн юм.

Мөн шуурхай хурлын төгсгөлд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, жирэмсний хяналтын нэг цэгийн үйл ажиллагаанд хяналт тавих, “Тэмбүүг устгая үйл ажиллагааны төлөвлөгөө”-г товлосон хугацаанд ирүүлэн үйл ажиллагааг эхлүүлэх, 2020 оны эм, эмнэлгийн хэрэгслийн захиалга болон 2019 оны хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг нягталж, товлосон хугацаанд багтаан ирүүлэхийг НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад даалгалаа.