Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж

  • Хэвлэх

Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагууд, эмч мэргэжилтний зүгээс эцэг, эхчүүд, асран хамгаалагчдад хандаж бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг эцэг, эх, асран халамжлагчдад эрүүл мэндийн байгууллагагаас анхааруулж байгаа юм. Томуу томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин бөгөөд бага насны хүүхдэд уушигны хатгалгаа, менингит зэрэг хүндрэл өгч болзошгүй байдаг. Томуу томуу төст өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх зэрэг шинжээр илэрдэг.

 Томуу

Томуу нь Ортомиксовирүсээр үүсгэгдэж ерөнхий хордлого, амьсгалын дээд замын үрэвслээр илэрдэг цочмог халдварт өвчин. Томуугийн үүсгэгч А,В,С вирүсүүдийн А нь хамгийн хоруу чанар ихтэй, хувирамтгай, өргөн тархсан нь юм.

Томуугийн вирүс нь гадаад орчин, физик, химийн үйлчлэлд тэсвэр муутай, харин хасах 20-70 хэмд хэдэн жилээр амьдарч чадна. Мөн спиртийн төрлийн халдваргүйжүүлэх бодисууд, хлорт нэгдлүүд, альдегидүүд, нарны хэт ягаан туяа зэрэгт мэдрэг, хатаах буцалгахад амархан идэвхээ алдаж үхдэг. Энэ чанарууд нь ариун цэврийн урьдчилан сэргийлэлт хийхэд ач холбогдолтой. 

Томуугийн, тархвар судлалын зарим онцлог: Өвчний эх уурхай нь өвчтэй хүн, ялангуяа бүдэг балархай хэлбэрээр өвдөгсөд байдаг. 

 ХАЛДВАР ДАМЖИХ ЗАМ

Халдвар нь агаар дуслын зам/ халдвартай хүн ханиах, найтаах, ярих үед вирус шүлсний дусалтай цуг агаарт цацагдах/, бохир гар /халдвартай хүний нус, шүлсээр бохирлогдсон эд зүйлст хүрэх/-аар дамжин халдварлагдана. Халдвар авсан хүн эмнэлзүйн шинж илрэхээс 24-48 цагийн өмнөөс вирүс гадагш нь ялгаруулдаг бөгөөд том хүн эмнэлзүйн шинж илэрснээс хойш 5 хоног, хүүхэд 10 түүнээс дээш хоног халдварыг тараадаг. А вирүсийн дэгдэлтийн үед хөл хорио тогтоох хугацаа вирүсийн дэд хэлбэрүүдээс хамаарч янз бүрийн байна. Ж-нь: A(H1N2)- ийн үед 21-24 , A(H3N2)-ийн үед 22, В вирүс 30 хоног хүртэл байна. 

Өвчин голдуу агаар дуслын замаар, өвчтний ханиах, найтаах, ярих үед вирүс гадаад орчиндтархснаас халддаг. Мөн хавьтлын замаар ойр дотно хүрэлцэх байдлаар халдварлаж болно. Томуугийн вирүс тасалгаанд 2-9 цаг, метал, хуванцар гадаргуу дээр 24-48 цаг, цаасан дээр 8-12 цаг, шилэн гадаргуу дээр 10 хоног, цэрэнд 2-3 долоо хоног хадгалагдах чадвартай. Тиймээс гэр орон, цэцэрлэг, сургууль дээр халдвартай, өвчтэй хүний ойр орчмын эд юмс- хүүхдийн тоглоом, суудаг ширээ зэргийг ойр ойрхон ариутгалын уусмал бүхий (хлорамины 3-5% уусмал) нойтон алчуураар арчих, цэр нусаа хаа тааралдсан газраа хаяхгүй, нусны алчуураа 2 цаг тутамд сольж халуун индүүгээр индүүдэн хэрэглэж занших нь өвчний тархалтыг зогсоох, сэргийлэх нэг арга хэмжээ болно. Томуугийн их бага хэмжээний дэгдэлт 2-3 сар үргэлжилдэг.

Эмнэлзүй: Халдвар авснаас хойш 1-2 өдрийн нууц үеийн дараа цочмог шинж тэмдгүүдээр илэрнэ: 

o   Вирүсээр үүсгэгдэнэ.

o   11-3 сард илүү тохиолдоно.

o   3 хүртэлх насны хүүхэд зонхилон өвдөнө.

o   Өвчний нууц үе 1-2 хоног

o   38.5-41 хэм хүртэл халуурна.

o   Толгой өвдөх, ядарч сульдах, нойр муудах, хоолонд дургүй болох зэрэг хордлогын шинж илэрнэ.

o   Хордлогын шинжээс хойш 1-2 хоногийн дараа ханиалгаж, хамар битүүрэх, хоолой сэрвэгнэн, цагаан мөгөөрсөн болон гуурсан хоолойн үрэвслийн шинжүүд илэрдэг.

o   Үзлэгээр: хөөмий залгиурын арын хана, хүүхэн хэл, гүйлсэн булчирхай улайсан байна.

o   Уушгийг чагнахад: цулцангийн ширүүн амьсгал, хуурай хэржигнүүр сонсогдоно.

Хэрэв таны хүүхэд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн бол:

- Эмчид яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөний дагуу эм бэлдмэлийг хэрэглэх. Дур мэдэн антибиотик өгөхөөс зайлсхийх

- Өвчний шинж тэмдэг илэрмэгц цэцэрлэг, сургуульд нь явуулахгүйгээр гэрт нь тусгаарлан эмчлэх, дулаан байлгах

- Амны хаалт зүүлгэх

- Халуун аарц, сармистай шөл, цагаан гаатай халуун сүү зэргийг хэрэглэх, бүлээн шингэн зүйл ихээр уулгах

- Хүүхдийн аяга, халбагыг тусгаарлах, хэрэглэж байгаа тоглоом, хөтөвч, хувцас, хамрын болон гар нүүрний алчуур зэргийг сайтар угааж цэвэрлэх, содын уусмалаар ариутгах, даавуу эдлэлийг халуун индүүгээр индүүдэх

-       Гараа сайтар угаах

-       Бүрэн гүйцэт эдгэсэний дараа ажил, хичээлдээ явахыг зөвлөж байна