Түүхэн замнал

  • Хэвлэх

Нийслэлийн Түргэн тусламжийн төв нь 1930 оны 10 сарын 20-нд ардын эрүүлийг хамгаалах яамны сайдын тушаалаар Улсын клиникийн төв эмнэлгээс тусгаарлан гарч 3 бага эмч, 3 асрагч, түргэн тусламжийн нэг морин тэрэгчинтэйгээр биз даасан үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд түүхэнд энэ өдрийг тус төвийн тулгын чулуу тавигдсан өдөр гэж үздэг.

Нийслэлчүүдийнхээ эрүүл мэндийн “дайчин соргог манаач” болж, өдөр, шөнийн 24 цагт байнгын бэлэн байдалд байж эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй, үнэ төлбөргүй үзүүлдэг цорын ганц “тусгай төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг” юм.

ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ХӨГЖЛИЙН ТҮҮХЭН ҮЕ ШАТУУД

1930-1950 он

 БНМАУ-ын ЭХЯ-ны сайдын 1925 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 10 тоот тушаалаар Улаанбаатар хотын төв больницын эмч нараас өвчтэй хүмүүсийг гэрээр очиж үзэх болжээ. 1930 онд Дотоод явдлын яамнаас бие даан тусгаарласан ЭХЯ-ны сайдын 1930 оны 10 дугаар сарын 20-ноос эхлэн 3 бага эмчийг тусгайд нь нэгэн жижиг байшинд оруулж морин тэргээр хотын дотор үйлчилдэг болсноор Улаанбаатар хотын түргэн тусламж анх байгуулагджээ.

1940 оны 5 дугаар сард Төв эмнэлгээс түргэн тусламжийн тасаг салгаж Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах хэлтсийн харьяанд бие даасан түргэн тусламжийн станцыг байгуулав.

Энэ үед даргаар нь ЗХУ-ын иргэн их эмч Беркович Пинкус Гиршевич ажиллаж өөрөө дуудлагад явдаг байжээ. 1947 онд нээгдсэн Халдварт өвчнийг эмчлэх больницын дэргэд Халдвартын түргэн тусламжийн станцыг байгуулав. 1947 онд хотын түргэн тусламжийн дүрмийг боловсруулан гаргажээ.

1950-1970 он

1954 оноос түргэн тусламжид зориулсан тоногтой ПАЗ-650 машиныг үйлчилгээнд хэрэглэх болсны дээр 1954 онд Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах хэлтсийн даргын тушаалаар түргэн тусламжийн станц 20 гаруй орон тоотой, 7 машинтай болж, нэг ээлжид 3 бага эмч, машинтайгаар ажиллаж, хоногт 35-45 орчим дуудлагад үйлчилдэг байжээ.

1960-аад оноос халдварт өвчинд үйлчлэх тусламжийн үйлчилгээг тусгайлан АЦХС-ын харьяанд ажиллуулах болсон байна.

1961-1963 онд Ядмаа, 1963-1967 онд Дашдэндэв нар тус байгууллагын даргаар ажиллаж байжээ. 1966 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс “Эмнэлгийн түргэн тусламжийн ажлыг сайжруулах арга замын тухай” 116-р тогтоол гаргаж 16 нас хүртэлх насны хүүхдэд үйлчлэх түргэн тусламжийг дүүргийн эмнэлгүүдэд шилжүүлэн хүүхдийн их эмч үйлчлэх болсон.

1969 онд ЭХЯ-ны харьяанд түргэн тусламжийн авто машинуудын засвар үйлчилгээний станцыг байгуулав.

1970-1990 он

1970 оноос Түргэн тусламжийн дуудлагад хөдөө орон нутгаас онгоцоор хүнд өвчтөнүүдэд газар дээр нь тусламж үзүүлж тээвэрлэх болсон байна.

1974 онд хотын түргэн тусламжийн одоогийн барилгыг авто машины гаржийн хамт барьж, 2 талын радио богино долгионы станцтай болжээ.

1980 онд “АЛТАН ГАДАС” одонгоор шагнагдаж НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН байгууллага болжээ.

1981 оны Хотын АДХГЗ-ны 28 дугаар тогтоолоор хотын түргэн тусламжид үйлчилдэг бүх авто машиныг нэгтгэн Түргэн тусламжийн станцаас салгаж Хотын түргэн тусламжийн авто баазыг ЭХГ-ны харьяанд байгуулав.

1986 онд түргэн тусламжийн үйлчилгээг хөдөлмөрчдөд ойртуулах зорилгоор Октябрийн район буюу одоогийн Сонгинохайрхан дүүрэгт түргэн тусламжийн салбар станцыг байгуулж 1996 он хүртэл ажиллуулсан.

1989 онд түргэн тусламжийн үйлчилгээг их эмчийн үйлчилгээнд шилжүүлсэн.

1990-2000 он

 1992 онд Засгийн газрын 54 дүгээр тогтоолоор Түргэн тусламжийн авто баазыг Түргэн тусламжийн станцтай нэгтгэн Хотын түргэн тусламжийн төв болгон зохион байгуулав

1996 онд ЭМНХЯ-ны Сайдын 192 дугаар тушаалаар Түргэн тусламжийн авто баазыг ЭМЯ-ны авто баазтай нэгтгэн Нийслэлийн түргэн тусламжийн авто бааз болгон зохион байгуулав.

1999 оны 5 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын 72 дугаар тогтоолоор хотын түргэн тусламжийн төвд Нийслэлийн түргэн тусламжийн авто баазыг нэгтгэн “Яаралтай тусламжийн төв” болгон зохион байгуулснаар эмч жолооч нарын үүрэг зорилго нэгдэж ажлын уялдаа холбоо сайжирчээ.

 2000-2020 он

2000 онд дуудлагын эмч нарын оношилгоо эмчилгээний стандартчиллыг анх удаа боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн байна. 2004 оноос “Цаасгүй эмнэлэг” болох Цахим эмнэлгийн программ нэвтрүүлсэн. 2005 оноос компьютер мэдээлэл холбоо хяналтын сан байгуулав.

2008 онд МУ –ыг хөгжүүлэх сангаас 1,8 тэрбумын хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүрэг болон Баянзүрх дүүрэгт 2 салбар, авто машины парк шинэчлэлт хийгдэж байна.

Түргэн тусламжийн төвийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа

Түргэн тусламжийн  төв нь зохион байгуулалтын хувьд захиргаа, санхүү, аж ахуй, хүн хүч төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн яаралтай тусламжийн үйлчилгээ, эмчилгээ чанарын хяналт, статистик мэдээлэл, авто бааз аж ахуйн хангамж, дуудлагын оператор, холбоо ашиглалтын  албадтай ажилладаг.

Нийслэлийн хэмжээнд түргэн тусламжийн төвд хоногт  900-1200 орчим дуудлага, жилдээ 390 мянга орчим дуудлага иргэдээс хүлээн авч ажилладаг тусгай мэргэжлийн төв юм.



 1.