Флемоксин Солютаб - эмийн тухай.

  • Хэвлэх

https://encrypted-tbn0.gstatic.com/images?q=tbn:ANd9GcS00EirUl1zhqgZrlVwU24vL5L9_qg-gtKA1xNypQ1_p8d-YTGz-wФармакодинамик: Флемоксин Солютаб нь пенициллиний бүлгийн хүчилд тэсвэртэй, өргөн хүрээний, бактерийг үхүүлэх үйлдэлтэй хагас нийлэг антибиотик. Бэлдмэл Streptococcus pyogenes, Streptococcus pneumonia, Clostridum tetani, Clostridum welchii, Neisseria gonorrhoeae, Neisseria meningitides, Staphylococcus aureus (бета-лактамаза ялгаруулдаггүй), Bacillus anthracis, Listeria monocytogense, Helicobacter pylori зэрэг грам эерэг сөрөг бичил биетнүүдэд идэвхтэй үйлчилнэ. Харин Enterococcus faecalis, Escherichia coli, Proteus mirabilis, Salmonella typhi, Shigella sonnei, Vibrio cholera зэрэг үүсгэгчид бага үйлчилдэг. Бета – лактамаза ялгаруулдаг бичил биетэн, Pseudomonas spp., индол эерэг Proteus spp., Serratia spp., Enterobacter spp зэрэг үүсгэгчид нөлөөлөхгүй.

Шимэгдэлт: Амоксициллиныг ууж хэрэглэхэд тэрээр хүчилд тэсвэртэй бөгөөд бараг бүрэн (ойролцоогоор 93%) түргэн шимэгдэнэ. Хоол хүнсний зүйл бэлдмэлийн шимэгдэлтэнд нөлөөлөхгүй. Бэлдмэлийг хэрэглэснээс хойш 1-2 цагийн дараа цусны сийвэн дэх үйлчлэгч бодисын концентраци дээд хэмжээндээ хүрнэ. Амоксициллиныг 500мг тунгаар ууж хэрэглэхэд түүний цусан дахь концентраци нь 2 цагийн дараа дээд хэмжээндээ (5мкг/мл) хүрдэг. Бэлдмэлийн тунг 2 дахин ихэсгэж багасгахад үйлчлэгч бодисын цусан дэх дээд концентраци нь мөн 2 дахин өөрчлөгдөнө.

Тархалт: Амоксициллины ойролцоогоор 20% нь цусны сийвэнгийн уурагтай холбогдоно. Тэрээр салс бүрхүүл, ясны эд, нүдний дотоод шингэн, цэр зэрэгт эмчилгээний концентрациар сайн нэвтэрнэ. Цөсөн дэх амоксициллины концентраци цусны сийвэн дэх концентрациас 2-4 дахин их байдаг. Жирэмсэн эмэгтэйн цусан дахь амоксициллины концентрацийн 25-30% нь ургийн шингэн болон хүйн судсанд байна. Амоксициллин цус тархины хоригийг муу нэвтрэх боловч тархины бүрхүүлийн үрэвслийн үед нугасны шингэнд цусны сийвэнгийн концентрацийн ойролцоогоор 20% нь байна.

Метаболизм: Амоксициллины зарим хэсэг нь элгэнд метаболизмд орох бөгөөд түүний ихэнх метаболит нь идэвхгүй метаболит байна.

Ялгаралт: Бэлдмэлийн ойроцлоогоор 80% нь сувганцрын шүүрэл, 20% нь түүдгэнцрийн фильтрацийн замаар үндсэндээ бөөрөөр шээстэй гадагшилна. Бөөрний үйл ажиллагаа хэвийн үед түүний хагас ялгарлын хугацаа нь 1-1.5 цаг. Дутуу төрсөн нярай болон 6 сар хүртлэх насны хүүхдэд түүний хагас ялгарлын хугацаа 3-4 цаг байна.

Эмнэлзүйн онцгой тохиолдол дахь фармакокинетик. Элэгний үйл ажиллагааны өөрчлөлтийн үед амоксициллины хагас ялгарлын хугацаа өөрчлөгдөхгүй. Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлтийн үед (креатининий клиренс < 15мл/мин) бэлдмэлийн хагас ялгарлын хугацаа нь уртсаж болох ба шээсгүйдэх үед 8.5 цагт хүрнэ.

Үйлчлэгч бодис: амоксициллин (амоксициллины тригидрат хэлбэрээр) 500мг.

Туслах бодис: бичил талст целлюлоза, кросповидон, ванилин, бэрсүүт жүржийн амт оруулагч, сахарин, магнийн стеарат.

Амоксициллиныг түүнд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах халдварт үрэвсэлт эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ.

  • Амьсгалын эрхтний халдвар
  • Шээс бэлгийн замын халдвар
  • Хоол боловсруулах замын халдвар
  • Арьс зөөлөн эдийн халдвар 

Өвчтөний нас, өвчний явцаас хамаарч бэлдмэлийн тунг өвчтөн бүрт өвөрмөц тогтоож ууж хэрэглэнэ. Хөнгөн ба дунд зэргийн явцтай халдварт үрэвсэлт өвчний үед Бэлдмэлийг дараах схемээр хэрэглэнэ. Насанд хүрэгсэд ба 10-аас дээш насны хүүхдэд 500-750мг-р хоногт 2 удаа буюу 375-500мг-р хоногт 3 удаа ууж хэрэглэнэ. 3-10 насны хүүхдэд 375мг-р хоногт 2 удаа буюу 250мг-р хоногт 3 удаа 1-3 настай хүүхдэд 250мг-р хоногт 2 удаа буюу 125мг-р хоногт 3 удаа тус тус хэрэглэнэ.

Хүүхдэд: (1 хүртэл насны хүүхэд орно) хоногт 30-60мг/кг тунгаар 2-3 хувааж хэрэглэнэ. Хүнд явцтай халдвар буюу хүрэхэд түвэгтэй голомтот халдварын (жишээ нь дунд чихний үрэвсэл) үед бэлдмэлийг 3 удаа хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Архаг явцтай эмгэг, дахилтат халдвар, хүнд явцтай халдварын үед тунг ихэсгэн дараах байдлаар хэрэглэж болно.

Насанд хүрэгсдэд: 750мг-1г-р хоногт 3 удаа хүүхдэд хоногт 60мг/кг-р 3 хувааж хэрэглэнэ. Цочмог явцтай хүндрэлгүй заг хүйтний эмчилгээнд бэлдмэлийг 3г-р хоногт 1 удаа 1г пробенецидтэй хамт хэрэглэнэ. Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд креатинины клиренс 10мл/мин-с бага үед бэлдмэлийн тунг 15-50% бууруулна. Бэлдмэлийг хооллох үед болон хоолны өмнө ба дараа хэрэглэнэ. Шахмалыг бүтнээр нь, хувааж буюу зажилж аяга усаар даруулж уух ба түүнчлэн усанд шингэрүүлж жимсний амттай сироп (20мл) буюу хөвмөл (100мл) үүсгэн хэрэглэж болно. Хөнгөн ба дунд зэргийн явцтай халдварын үед эмчилгээг 5-7 хоног, харин Streptococcus pyogenes-р үүсгэгдсэн халдварын үед 10-с доошгүй хоног үргэлжлүүлнэ.

Архаг өвчин, хүнд явцтай халдварын эмчилгээнд хэрэглэх бэлдмэлийн тунг өвчний эмнэлзүйн явцаас хамаарч тогтооно. Өвчний шинж тэмдэг арилснаас хойш бэлдмэлийг 48 цаг үргэлжлүүлэн хэрэглэнэ.

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Бэлдмэлийг жирэмсэн ба хөхүүл үед түүний эмчилгээний үр нөлөө нь илэрч болох сөрөг нөлөөнөөс илүү шаардлагатай байгаа тохиолдолд хэрэглэж болно. Амоксициллин бага хэмжээгээр хөхний сүүтэй ялгардаг учир хүүхдэд харшлын урвал үүсгэж болзошгүй.

Цээрлэлт: Бэлдмэлд болон бета лактамын цагирагт бүтэцтэй бусад антибиотикт хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.

Болгоомжлол! Ксенобиотикт хам хэт мэдрэгшилтэй хүмүүс, халдварт мононуклеоз, лимфолейкоз, хоол боловсруулах замын эмгэгээр (ялангуяа антибиотик хэрэглэсний улмаас үүссэн бүдүүн гэдэсний үрэвсэл) өвдөж байсан хүмүүс, бөөрний дутагдал, жирэмсэн ба хөхүүл үед тус тус болгоомжтой хэрэглэнэ.

Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх үед дараах гаж нөлөө илэрнэ.

Хоол боловсруулах систем: ховор амт өөрчлөгдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах зарим үед элэгний трансаминазын идэвх бага зэрэг ихсэх маш ховор тохиолдолд бүдүүн гэдэсний цочролын хам шинж болон бүдүүн гэдэсний цусархаг үрэвсэл.

Шээс ялгаруулах зам: маш ховор - бөөрний завсрын эдийн үрэвсэл.

Цус төлжүүлэх систем: маш ховор - агранулоцитоз, нейтрофиль ба тромбоцитын тоо цөөрөх, цус задралын цус багадалт, амоксициллины уг эмийн хэлбэрийг хэрэглэж байгаа үед, ТМС-ийн зүгээс гаж нөлөө бүртгэгдээгүй.

Харшлын урвал: арьсны өвөрмөц толбот гөвдрүүт тууралт, ховор  Стивенс-Джонсоны хам шинж зарим үед анафилаксын шок, судас мэдрэлийн хаван.

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Шинж тэмдэг: Дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг хоол боловсруулах замын хямрал бөөлжиж суулгасны улмаас ус ба электролитийн солилцоо өөрчлөгдөж болно. Эмчилгээ: Ходоод угаах ба идэвхжүүлсэн нүүрс, давсан туулга хэрэглэх бөгөөд ус электролитийн тэнцвэрийг сэргээх арга хэмжээ авна.

Эмийн харилцан үйлчлэл: Пробенецид, фенилбутазон, оксифенбутазон, ацетилсалицилын хүчил бага тунгаар, сульфинпиразон зэрэг бэлдмэл пенициллиний сувганцрын шүүрлийг дарангуйлж амоксициллины цусан дахь концентрацийг ихэсгэн хагас ялгаралтын үеийг нь уртасгана. Бактерийг үхүүлэх үйлдэлтэй антибиотиктой (аминогликозид, цефалоспорин, ванкомицин, рифампицин) хамт хэрэглэхэд үйлдэл нь хүчжих ба зарим бактерийн өсөлт үржлийг саатуулах бэлдмэлтэй (хлорамфеникол, сулфаниламид) зэрэг хэрэглэвэл үйлдэл нь сулардаг. Эстроген агуулсан ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлтэй хамт хэрэглэх үед тэдгээрийн үйлдлийг сулруулж цус алдах эрсдлийг нэмэгдүүлнэ. Аллопуринолтой хамт хэрэглэхэд арьсны урвал илрэх давтамж аллопуринолыг ампициллинтай хамт хэрэглэхээс ихсэхгүй.

Онцгой анхааруулга! Эритродерми нь бэлдмэлийг хэрэглэхэд цээрлэлт болохгүй. Пенициллин ба цефалоспорины бүлгийн антибиотиктой солбицсон дасал үүсгэж болзошгүй. Пенициллины бүлгийн бусад бэлдмэлтэй нэгэн адилаар давтан халдвар илэрч болно. Хүнд явцтай суулгалт буюу бүдүүн гэдэс цочролын хам шинж илэрвэл эмчилгээг зогсооно. Харшлын бус гаралтай экзантем илрэх өндөр магадлалтай учир халдварт мононуклеоз, лимфолейкозын үед болгоомжтой хэрэглэнэ. Пенициллин ба цефалоспорины бүлгийн антибиотиктой солбицсон харшил үүсгэж болзошгүй.