НЗДарга С.Амарсайхан өнөөдөр ХБНГУ-н Эссэн хотын орлогч даргатай уулзлаа.

  • Хэвлэх

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Эссэн хотын орлогч дарга Петр Рензелийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Чинзориг, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш, Төслийн эмнэлгийн эрүүл ахуйн холбооны дэд ерөнхийлөгч, Хукомед компанийн халдварын хяналт сэргийлэлтийн дарга Волтер Попп, Эссэн хотын Яаралтай түргэн тусламжийн халдварт өвчний тасгийн дарга Иорг Шпросс, Хукомед компанийн микробиологийн лабораторийн эрхлэгч Михайл Россбург болон холбогдох албаныхан оролцов.

Анх 2008 онд “Монгол Улс ХБНГУ хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааны хамтарсан тунхаглал”-ыг үндэслэн Эссэн хот болон Улаанбаатар хотуудл харилцан тохиролцон хэлэлцээр хийж байсан. Хоёр хотын хамтын ажиллагаа эрүүл мэндийн салбарт Эмнэлгийн эрүүл ахуй, халдварын сэргийлэлт ба хяналтыг сайжруулах зорилготой “Эмнэлгийн яаралтай түргэн тусламж, эмнэлгийн эрүүл ахуй” /Mongolian Emergency Service Hospital Hygiene Project – MeshHp төсөл нь 2010 оноос эхэлсэн бөгөөд ХБНГУ-аас Монголд эмнэлгийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж буй олон улсын стандартад нийцэх олон талт үйл ажиллагаанууд хэрэгжин ажиллаж байна. Мөн Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн түргэний жолооч нарт парамедикийн сургалтыг нэвтрүүлсэнээр Нийслэлийн сая гаран хүн амд мэргэшсэн эмнэлгийн жолооч үйлчилж байгаа нь энэ төслийн үр дүн билээ. Уулзалтаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажлууд жил ирэх тусам өргөжин тэлж байгаад баяртай байна. Мөн энэ оноос хамтын ажиллагааныхаа хүрээг боловсролын салбараар өргөжүүлэхээр болсонд таатай байна. Цаашдаа бид иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах энэ төслийн үр дүнг илүү амжилттай болгохын тулд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бүх талаар нээлттэй байх болно” хэмээлээ.